Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ИТХ

Түүхэн замнал

2023-10-03

Есөнбулаг сумын нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын түүхэн хөгжил

Монголчууд түүхэн уламжлал, нүүдлийн соёл иргэншлийнхээ хөгжлийн явцдаа хамтын зохион байгуулалтад орж, нутаг усныхаа ард түмэн өөрсдийн дундаас залж чиглүүлэх хүнээ сонгох зэргээр нутгийн өөрөө удирдах ёсны хэлбэр хөгжсөөр иржээ.

Их эзэн Чингис хааны үед “Их хуралдай” болон эрдэмт хүмүүсээс бүрдсэн “Сэцдийн зөвлөл” гэж байжээ. Хожим засагт хан зэрэг аймгуудын үед “аймгийн чуулган” хэмээх хурлын байгууллага бий болж, чуулах газартай чуулганы даргатай болсон билээ.

1924 онд БНМАУ-ын анхдугаар үндсэн хуульд  “Нутгийн захиргаа” орон нутгийн бүтэц чиг үүргийг хуулийн хүрээнд тодорхойлсон байдаг.

Мөн хуулинд аймаг, хошуу, сум, баг, арван гэр, олон хотын газар, орон нутгийн хурал байгуулвал зохионо гэж заажээ.

            Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын нэршил нь:

1924 оноос өмнө Аймгийн чуулган

1924-1940 онд Аймаг, сумын орон нутгийн хурал

1940-1960 онд Аймаг, сумын хөдөлмөрчдийн депутатуудын хурал

1960-1992 онд Аймаг, сумын ардын депутатуудын хурал

1992 оноос хойш Аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэж тус тус нэрлэж иржээ.

Монгол оронд 1921 онд Ардын хувьсгал ялсны дараа орон нутагт Ардын түр хурлууд байгуулагдаж, нутгийн аливаа асуудлыг ард нийтийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэдэг болсон байна. 1940 онд Завхан аймгаас Алтай аймгийг тусгаарлан шинээр Говь-Алтай аймаг байгуулагдаж, 1942 онд Есөнбулаг хот байгуулагдсан түүхтэй.

Монгол оронд өрнөсөн хувьсгалын түүхэн хөгжлийн үе шат бүрд Есөнбулаг сумын Хурлын байгууллага янз бүрийн нэртэй, иргэдийн тодорхой хэсгийг төлөөлөн 18 насанд хүрсэн нийт иргэдээс сонгогддог төлөөллийн байгууллага байсаар иржээ.

1961 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар Есөнбулаг хотыг Алтай хот гэж нэрлэх болжээ. Энэ үеэс хойш 1992 он хүртэл иргэд өөрсдийн сонгосон депутатаар дамжууланОрон нутгийн ардын депутатын хурал нэртэйгээр ажиллаж байлаа.

1992 онд батлагдсан Монгол улсын шинэ үндсэн хуулиар сумын Ардын депутатуудын хурлыг Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болгон өөрчилж, орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын түүх эхэлжээ. 1992 оны 10 дугаар сарын 25-нд  Алтай хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан болж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн орон тооны бус даргаар Ю.Дэмбэрэл, орон тооны нарийн бичгийн даргаар Т.Цэнд, Д.Дэмбээ нар сонгогдон ажиллаж байжээ.

Сумын ИТХурал нь 1992-1994 онд ээлжийн хуралдаан хуралдах үедээ 4 багаас 20 төлөөлөгчийг сонгон хуралдуулдаг байсан ба сумын хурал бие даасан төсөвгүй, нарийн бичгийн даргын цалин, хуралдааны зардлыг тухай бүр ЗДТГ-ын төсвөөс санхүүжүүлдэг байсан билээ.

1992-1993 онд Нутгийн удирдлага, өөрөө удирдах ёс гэсэн хуулийн шинэ нэр, хурлын байгууллагын үүрэг, зорилго, ажлын чиглэлийг иргэдэд ойлгуулах, сурталчлах ажилд ихээхэн анхаарч ажиллажээ.

Монгол Улсын Үндсэн хуульд Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулсаны үндсэн дээр хэрэгжинэ гэж хуульчлан Нутгийн өөрөө удирдах ёс хэмээх ухагдахууныг анх удаа тодорхойлон томьёолж хууль эрх зүйн үндсийг бүрэн баталгаажуулсан.

Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь: Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болж, төрийн удирдлагын үүргийг тухайн хурлаас сонгогдсон Засаг дарга хэрэгжүүлэх харилцан хамаарал бүхий удирдлагын тогтолцоогоор Хурал захиргааны хүлээх үүрэг хариуцлага нь өндөржиж, харилцан нягт хамтран ажиллах болсон.

1994 онд Монгол Улсын ЗЗНДНТУ-ын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу 1994-1996 он хүртэл ИТХ-ын төлөөлөгчид нь 2 жилийн хугацаатай сонгогдон ажиллаж байжээ. Энэ үед сумын ИТХ-ын 20 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй байв.

1996 оноос орон нутгийн сонгуулийн хуульд өөрчлөлт орж, хурлын төлөөлөгчид 4 жилийн хугацаатай сонгогдож, Хурлын дарга нь орон тоогоор ажиллах болсон байна. Аймгийн ИТХ-аас хүн ам олон, ажлын ачаалал ихтэй байдлыг харгалзан тус сумд хурлын нарийн бичгийн орон тоог баталж өгснөөр дарга, нарийн бичгийн дарга гэсэн 2 орон тоотой ажиллаж байжээ.1996-2000 онд сумын хүн амын тооноос хамаарч ИТХурал нь 25 төлөөлөгчтэй байсан.

1996-2000 онд Сумын ИТХ-ын төлөөлөгчдийг үнэмлэх, энгэрийн тэмдэгтэй болгосон ба Багийн ИНХ-ын дарга, тэргүүлэгчдийг хурал зохион байгуулах бүрд сонгон ажиллуулдаг байжээ.

Сумын ИТХ, тэргүүлэгчдээс эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үндсэн чиглэл нийгэм эдийн засгийг хөгжүүлэх нутгийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэх, үйл ажиллагааг боловсронгуй болгох, хурлын шийдвэрийн биелэлтийг хангаж, хяналтын үр нөлөөг дээшлүүлэх, иргэд, нутаг дэвсгэрийн эрх ашгийг илэрхийлэх чиглэлээр асуудал боловсруулж ИТХ-ын хуралдаанаар батлуулан жил бүр биелэлтийг тооцож ажиллах болсон.

Сумын ИТХ-ын хуралдаанаар газар зохион байгуулалтын төлөвлөгөө, сумын төсөв, мал аж ахуйн талаар баримтлах бодлого, хүн амын эрүүл мэнд,өрхийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэл зэрэг сум хотын хөгжлийн дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх томоохон асуудлыг хэлэлцэн баталж хэрэгжүүлж байна.

ИТХ-ын Тэргүүлэгчдийн хариуцах ажлын чиглэл, ажил дүгнэх журам, өргөтгөсөн багт ажиллах хуваарь зэрэг эрх зүйн чанартай асуудлыг хэлэлцэн баталж хэрэгжүүлж иржээ.

Хууль тогтоомж, захирамж, шийдвэр, аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын тогтоол, сумын ИТХ-аас гаргасан шийдвэр, бодлого чиглэл хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийж, үр дүнг тооцоход анхаарч ажиллаж ирлээ.

Сумын ИТХ байгуулагдсан цагаасаа хойш бүх шатны сонгуулийн ажлыг орон нутагтаа хуулийн хугацаанд зохион байгуулах, ажил үйлсээрээ шалгарсан иргэдийг төрийн дээд шагнал, одон медальд тодорхойлуулж уламжлах, хууль сурталчлах, хэрэгжилтэд хяналт тавьж эрчимжүүлэх, орон нутгийн татварын орлого бүрдүүлэх, газар зохион байгуулалтын асуудал, ажлын байр иргэдийн амьжиргааг дээшлүүлэхтэй холбоотой олон асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргаж, нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж хяналт тавин ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%